ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Ерөнхий зүйл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Легал дата” ХХК-ийн proger.mn вэб сайт руу хандалт хийсэн, нэвтэрсэн, үйлчигээ ашигласан хүн, хуулийн этгээд (цаашид "хэрэглэгч" гэх) болон Легал дата (цаашид “Прогэр” гэх) хооронд байгуулсан гэрээ болно. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол манай вэб сайтыг ашиглахаас татгалзах эрхтэй.
Та энэхүү вэб сайт руу хандалт хийсэн, нэвтэрсэн, үйлчилгээг ашигласнаар энэхүү Үйлчилгээний нөхцлийг уншиж, ойлгож, дагаж мөрдөхөө зөвшөөрсний баталгаа болно.
Бид Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр вэб сайт дээрээ нийтлэх замаар ямар ч үед энэхүү үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Та энэ вэб сайт руу хандалт хийх бүртээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж буй Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.
Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд нэвтрэх эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцална.
2. Үйлчилгээний тайлбар
Прогэр вэб сайт нь хуулийн салбарын мэргэжилтнүүд болон хуулийн фирм нь дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл бүхий профайлаа олон нийт, хууль зүйн үйлчилгээ шаардлагатай хүнд шууд хүргэх, нөгөө талаас хүн, хуулийн этгээд нь өөрсдийн хэрэгцээ, шаардлагад хамгийн сайн тохирох хуульч, хуулийн фирмий хайж олоход нь туслах зорилгоор бүтээгдсэн.
Прогэр нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч биш бөгөөд ямар ч тохиолдолд энэхүү вэб сайт дээрх мэдээлэл, үйлчилгээ нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх зорилгогүй болно. Та энэ вэб сайт дээрх контент, мэдээлэл, үйлчилгээг ашигласнаас үүсэх эрсдэлийг өөрөө хариуцна. Энэ вэб сайтад байршуулсан мэдээлэлд найдсаны төлөө ямар ч нөхцөлд Прогэр хариуцлага хүлээхгүй.
Энэ вэб сайтыг ашигласнаар та болон Прогэрийн хооронд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн аливаа харилцаа үүсэхгүй.
Хууль зүйн үйлчилгээ авах нь маш чухал шийдвэр бөгөөд та уг шийдвэрийг гаргахдаа зөвхөн энэхүү вэб сайтад байршуулсан мэдээлэл, сэтгэгдэл, үнэлгээ, зөвлөмж, зар сурталчилгаа, хуульчийн танилцуулгад тулгуурлах албагүй болно.
Прогэр вэб сайт нь бизнес профайл мэдээлэл, мессеж, үнэлгээ, сэтгэгдэл, дата, текст, зураг, бусад материал зэрэг (“Хэрэглэгчийн контент”) хэрэглэгчдийн контент болон мэдээлэл оруулах боломжит талбаруудыг агуулсан. Прогэр нь Хэрэглэгчийн контентыг хянах, зохицуулах, сонгох, шалгах, хянах үүргийг хүлээхгүй. Гэсэн хэдий ч Прогэр нь хэрэглэгчийн оруулсан контентыг нийтлэх эсхүл нийтлэхгүй байх эрхтэй. Хэрэглэгчийн контентын тухайд Прогэр нь зөвхөн хостинг үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд Хэрэглэгчийн контенттой холбоотой ямар ч хариуцлага хүлээхгүй. Бид таны хувийн мэдээллийг эх орноосоо өөр гадаад улс дахь системд хадгалж, боловсруулж болно гэдгийг анхаарна уу.
3. Үйлчилгээний шинэчлэлт, өөрчлөлт
Прогэр нь урьдчилсан мэдэгдэлгүйгээр Үйлчилгээгээ бүхэлд нь эсвэл нэг хэсгийг өөрчлөх, түр хугацаагаар эсвэл бүрмөсөн зогсоох эрхтэй. Үйлчилгээг өөрчилсөн, түдгэлзүүлсэн, зогсоосон тохиолдолд Прогэр Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.
4. Хэрэглэгчийн бүртгэл, нууц үг, аюулгүй байдал
Та олон нийтэд нээлттэй аль ч хуудас, талбар руу чөлөөтэй хандах эрхтэй. Прогэр дээр профайлаа үүсгэж, хөтлөх эрхтэй Хэрэглэгч нэвтрэх эрхийн бүртгэлийг шинээр үүсгэж болох ба хэрэв legaldata.mn вэб сайтад бүртгэлтэй бол уг бүртгэлээрээ нэвтэрнэ. Та өөрийн хэрэглэгчийн бүртгэл, нууц үгийн нууцлалыг хариуцах үүрэгтэй. Хэрэглэгчийн бүтгэлийг буруу ашигласан тохиолдолд бид таны цаашдын хандалтыг цуцлах эсвэл өөрийн үзэмжээр өөр арга хэмжээ авч болно. Хэрэв хэн нэгэн таны хэрэглэгчийн бүртгэлийг зөвшөөрөлгүй ашигласан, ашигласан гэж үзэх сэжиг, таамаг илэрвэл бидэнд нэн даруй мэдэгдэх ёстой. Та энэхүү хэсгийг дагаж мөрдөөгүйгээс үүдэн гарсан аливаа хохирол, төлбөрийг Прогэр хариуцахгүй.
5. Оюуны өмч
Энэхүү вэб сайт, түүний систем, програм хангамж, бүтэц, дизайн, шийдэл болон вэб сайтын өгөгдөл, контент, мэдээллийн сан, үйлчилгээ нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд Прогэрээс бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах, дахин хэвлэх, түгээх, дамжуулах, худалдах, үзүүлэх, бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
6. Хэрэглэгчийн үүрэг
Вэб сайт руу хандалт хийсэн, нэвтэрсэн, үйлчилгээг ашигласан хэрэглэгч дараах зүйлсийн аль нэгийг нийтлэх, байршуулах, дамжуулах, түгээх, хадгалах, үүсгэхийг хатуу хориглоно:
- Худал, төөрөгдүүлсэн, хууль бус, гутаан доромжилсон, гүтгэсэн, зохисгүй, порнографын, садар самуун, зүй бус, өдөөн хатгасан, дарамталсан, сүрдүүлсэн, хүний хувийн нууц болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан, харааж зүхсэн, турхирсан, луйврын шинжтэй болон хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өмгөөлөгчтэй шууд буюу биечлэн уулзаж, ажиллаж байгаагүй эсхүл тухайн өмгөөлөгчөөр үйлчлүүлж байгаагүй бол тухайн өмгөөлөгчийн хувийн мэдээлэл агуулсан, түүнийг санал болгосон, нотолсон, үнэлсэн, тодорхойлсон шинжтэй Хэрэглэгчийн контент;
- Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг сурталчилсан, өөгшүүлсэн, зааварчилсан, аливаа этгээдийн эрхийг зөрчсөн, мэргэжлийн ёс зүйтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн, аливаа олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг зөрчсөн, тухайн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхүйц Хэрэглэгчийн контент;
- Бусдын патент, барааны тэмдэг, худалдааны нууц, зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрх, өмчлөх эрхийг зөрчиж болзошгүй Хэрэглэгчийн контент. Хэрэглэгчийн контентыг постолсноороо та тухайн Хэрэглэгчийн контентыг энэхүү нөхцөлд заасны дагуу түгээх, хуулбарлах хууль ёсны эрхтэй гэдгээ баталж, зөвшөөрч байгаа болно;
- Аливаа хувь хүн, хуулийн этгээдийг амьдчилан үзүүлсэн эсхүл аливаа хүн, хуулийн этгээдтэй холбоо хамааралтай гэж мушгин гуйвуулсан Хэрэглэгчийн Контент;
- Хүсээгүй сурталчилгаа, улс төрийн компанит ажил, зар сурталчилгаа, уриалга, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч эсхүл өмгөөлөгч санал болгох үйлчилгээний зар сурталчилгаа;
- Вирус, тагнах программ (spyware), хортой программ, гэмтсэн өгөгдөл эсхүл бусад хортой болон сүйтгэгч файлууд;
- Прогэрийн үзсэнээр зохимжгүй, бусад хүнийг вэб сайт ашиглахыг нь хязгаарласан, саад болсон, эсхүл Прогэр болон түүний хэрэглэгчдэд аливаа төрлийн гэм хор, хохирол учруулж болзошгүй Хэрэглэгчийн контент.
Прогэр дээр байршуулсан, нийтэлсэн, хадгалсан Хэрэглэгчийн контент, түүний аливаа зөрчил, алдаа, гүтгэлэг, хайхрамжгүй байдал, худал хуурмаг, садар самуун, доромжлолтой холбоотойгоор Прогэр таны өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Дээр дурдсан үүргийг зөрчиж вэб сайтыг ашигласан нь энэхүү Үйлчилгээний нөхцлийг зөрчсөнд тооцогдох бөгөөд Хэрэглэгчийн вэб сайтын нэвтрэх эрхийг цуцлах эсхүл түдгэлзүүлэх үр дагаварт хүргэнэ. Прогэр нь вэб сайтад байршуулсан эсхүл хадгалсан Хэрэглэгчийн контентыг аль ч үед, тодорхой шалтгаангүйгээр, мэдэгдэл өгөлгүйгээр хязгаарлах, устгах эрхтэй.
7. Профайл үүсгэх
Профайл бүр нь зөвхөн нэг хэрэглэгчид зориулагдсан. Хэрэглэгч нь профайл үүсгэснээр профайлын маягтын дагуу үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөхийг зөвшөөрч, тухайн мэдээлэлд гарсан өөрчлөлтийг тухай бүр шинэчилж байх үүрэг хүлээнэ. Бид араах этгээдэд Прогэр дээр профайлаа үүсгэхийг зөвшөөрнө:
- Шүүгч (judge) – шүүгчээр томилогдож шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хуульч;
- Прокурор (prosecutor) – прокуророор томилогдож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж буй хуульч;
- Өмгөөлөгч (advocate) – Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуульч;
- Хуульч (lawyer) – Шүүгч, прокурор болон өмгөөлөгчийн ажил эрхэлдэггүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуульч (байгууллагын хуульч, зөвлөх хуульч гэх мэт);
- Нотариатч (notary) – Нотариатчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуульч;
- Арбитрч (arbitrator) – Арбитрын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй мэргэжилтэн;
- Судлаач (researcher) – Их, дээд сургуулийн багш, туслах багш, хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагын судалгааны ажилтан (үндсэн ажлынхаа хажуугаар багшлах болон судалгааны ажил эрхлэх мөн хамаарна);
- Шинжээч (expert witness) – Шүүхийн болон шүүхийн бус журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн дүгнэлт гаргах мэдлэг, ур чадвартай тодорхой салбар, чиглэл (зөвхөн хууль, эрх зүйгээр хязгаарлагдахгүй)-ээр мэргэшсэн мэргэжилтэн;
- Junior – Хуулийн сургуулийн оюутан эсвэл хуулийн сургууль төгсөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байгаа мэргэжилтэн;
- Хуулийн фирм (law firm) - Хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэртэйгээр байгуулагдсан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд.
Хэрэглэгч Прогэр дээр өөрийн профайлаа үүсгэхээс гадна, бид хэрэглэгчийн овог, нэр (өмгөөллийн хуулийн этгээдийн нэр), ажлын газар, утас, цахим шуудан, мэргэжлийн зөвшөөрөл зэрэг ерөнхий мэдээллүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, шүүх, прокурор, арбитрын байгууллагын цахим хуудас болон бусад нээлттэй цахим эх сурвалжаас авч Хэрэглэгчийн энгийн профайлыг үүсгэдэг ба хэрэглэгч бидэнтэй холбогдож профайлаа хөтөлж Премиум профайлын жагсаалтад оруулах боломжтой байдаг.
Прогэрийн үйлчилгээгээр дамжуулан байршуулах, нийтлэх, дамжуулах болон бусад хэлбэрээр ашиглах боломжтой бүх мэдээлэл, контентыг Прогэр биш харин хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна. Прогэр нь үйлчилгээгээр дамжуулан нийтэлсэн мэдээлэл, контентыг хянаж, үүний үнэн зөв, бүрэн байдал, чанарыг баталгаажуулах үүрэг хүлээхгүй.
Манай үйлчилгээг ашигласнаар та доромжилсон, зохисгүй эсвэл дургүйцсэн контентод өртөж болзошгүйг ойлгох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд Прогэр нь нь аливаа контент, мэдээлэл, түүний дотор алдаатай нийтэлсэн контентыг ашигласны үр дүнд учирсан аливаа төрлийн хохирол, төлбөр, хариуцлагыг хариуцахгүй.
8. Энгийн ба Про профайл
Прогэр нь профайл үүсгэсэн мэргэжилтэн болон хуулийн фирмийн профайлыг Энгийн болон Про профайлын жагсаалтаар харуулах үйлчилгээг санал болгодог. Энгийн ба Про профайлын харьцуулалтыг энд дарж үзнэ үү. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад хэрэглэгч Прогэрд профайл үүсгэх эрхгүй ба уг хэрэглэгчийн Про профайлын үйлчилгээг авахдаа төлсөн төлбөрийг буцаан олгохгүй.
9. Профайл дахь зураг
Бид мэргэжилтэн хэрэглэгчээс зөвхөн өөрийн зургаа профайлдаа оруулахыг хүсч байна. Хуулийн фирм эсвэл гуравдагч этгээдийн брэнд, амьтан, байгаль, ургамал, объект, хүүхэлдэйн киноны зураг, мөн аливаа текст агуулсан зураг оруулбал бид үзэмжээрээ устгах ба таны профайлыг идэвхжүүлэхээс татгалзах болно. Хуулийн фирм хэрэглэгчид зөвхөн өөрийн логогоо профайлдаа оруулахыг зөвшөөрнө.
10. Нууцлалын бодлого
Энэ вэб сайтаас цуглуулсан аливаа хувийн мэдээллийг хэрхэн ашиглаж болох талаарх тайлбарыг манай “Нууцлалын журам”-аас уншиж танилцана уу.
11. Цахим харилцаа холбоо
Та энэ вэб сайтад зочилж, бидэнтэй цахимаар харилцах, Прогэр рүү цахим шуудан илгээх, мөн Прогэрээс цахим хэлбэрийн харилцааг хүлээн авахыг зөвшөөрч байна. Бид тантай цахим шуудангаар эсвэл энэ вэб сайт дээр мэдэгдэл нийтлэх замаар харилцах болно. Бид танд цахим хэлбэрээр өгөх бүх гэрээ, мэдэгдэл, тодруулга болон бусад харилцаа холбоо нь бичгээр байх хуулийн шаардлагын нэгэн адил хүчинтэй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна.
12. Зар сурталчилгаа
Прогэр нь орлого олох, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах зорилгоор зар сурталчилгаа, маркетенгийн зорилготой мэдээлэл, баннер, бусад вэб сайт, бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шууд хандах холбоосуудыг байршуулж болно.
Сурталчилгаа байршуулагч болон ивээн тэтгэгч нь энэ вэб сайтад байршуулахаар ирүүлсэн материалын үнэн зөв, холбогдох хууль тогтоомжид нийцсэнийг баталгаажуулж, хариуцах үүрэгтэй.
Прогэр сурталчилгаа байршуулагч, ивээн тэтгэгчдийн мэдээлэл, материалын хууль бус байдал, аливаа алдаа, эдгээр сурталчилгаа байршуулагч, ивээн тэтгэгчдийн үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага хүлээхгүй.
13. Үйлчлүүлэгчийн үнэлгээг ашиглах
Таны мэргэжлийн ур чадвар, ёс зүйн, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээний талаар таны профайлд үлдээсэн үйлчлүүлэгчийн үнэлгээг Прогэр өөрийн олон нийтийн сүлжээ (facebook, twitter, instagram гэх.мэт)-д оруулж маркетингийн зорилгоор ашиглах эрхтэй ба хэрэв та хүсвэл тухайн үнэлгээг олон нийтэд мэдээлэх, нийтлүүлэхээс татгалзах хүсэлт гаргаж болно.
14. Хэрэглэх хууль, маргаан шийдвэрлэх
Энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал зөрөлдөөнийг зөвшилцлийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ.
15. Заалтуудын тусгаар байдал
Хэрэв энэхүү Үйлчилгээний нөхцлийн аль нэг заалт нь хууль бус, хүчин төгөлдөр бус эсвэл хэрэгжих боломжгүй нь бусад заалтын хүчин төгөлдөр байдал, хэрэгжилтэд нөлөөлөхгүй.
16. Хэрэглэгчийн хүсэлт, гомдол
Хэрэглэгч нь энэхүү вэб сайтын үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба үүнийгээ contact@legaldata.mn и-мэйл хаягаар ирүүлэх боломжтой.
Прогэр нь хэрэглэгчийн хүсэлт, гомдолд ажлын 5 хоногийн дотор хариу өгнө. Нэмэлт хугацаа шаардлагатай тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэнэ.
17. Хүчин төгөлдөр болох
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
--ооООоо--